Гомдох, баярлах, уйлах, уурлах, гэмших, бахархах гээд эдгээр сайн муу сэтгэлийн хариу үйлдэл нь хүнд төрөлхийн онцлог болон хүмүүжлээс шалтгаалж харилцан адилгүй их багаар хэмжээгээр байдаг.
Огтоос байхгүй болгох боломжгүй ба сэтгэлийн мэдрэмжийг хуурч хүчээр дарж болдоггүй. Таны биеийг хэн нэгэн чимхэхэд өвдөлт мэдэрдэгтэй адил сэтгэл ч гэсэн эрхтэн тул сэтгэл хөдлөх мэдрэмж нь байх ёстой.
Харин эдгээрээс сөрөг талын сэтгэл хөдлөлийг хяналтандаа байлгах ёстой. Учир юу вэ гэвэл ялихгүй зүйлд бухимддаг, гомдоллодог, гомдлыг удаан тээдэг хүмүүс сэтгэл зүйн хувьд ч тэр биеийн эрүүл мэндийн хувьд ч тэр эрүүл байх ямар ч боломжгүй.
"Би эмэгтэй хүн гомдох эрхтэй" "Энэ хүн намайг ингэж байхад би гомдохгүй яах юм бэ?" гэх хандлага их байдаг. Мэдээж гомдол төрөх нь таны сэтгэлээс гарч буй мэдрэмж учир байж болох асуудал л даа. Гол нь түүнийг удаан тээнэ гэдэг л асуудал болоод байгаа юм. Гомдлыг удаан тээснээр шазуур зуугаад, тухайн гомдоосон хүнээ чадаад хариугаа аваад байгаа хэрэг огтхон ч биш.
Та өөрийгөө л хордуулж байдаг. Иймээс өөрийгөө л хайрлаж байвал гомдлыг битгий удаан тээ. Өөртөө хайртай хүн сөрөг бодлыг удаан тээдэггүй. Гомдоосон хүн таны дайсан биш гомдол таны дайсан. Тэгэхээр дайснаа мэдэж авъя. Гомдол гэгч сэтгэлийн сөрөг хөдлөл бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
Гомдол болон сөрөг бодлыг удаан хугацаанд тээснээр таны биед стресний кортизол даавар маш их хэмжээгээр ялгардаг. Энэхүү дааврыг удаан хугацаанд, тогтмол их хэмжээгээр ялгаруулснаар дархлаа сулрах, муу холестерины хэмжээ огцом нэмэгдэх, таргалалт цаашлаад чихрийн шижин, зүрхний өвчлөлүүдэд өртөх магадлал нэмэгддэг. Хоол боловсруулах эрхтэнүүдэд үзүүлэх сөрөг нөлөөг дурдах ч илүү биз.
Учир нь гомдсон уурласан үедээ та нэг бол их иднэ үгүй бол юу ч идэхгүй. Ялангуяа эмэгтэйчүүд гоо сайхандаа анхаардаг. Үргэлж гомдоллодог стрестдэг хүний арьсан дахь чөлөөт радикал тоо огцом нэмэгдэж эрт хөгширч гоо сайхнаа алддаг. Ингэхээр гомдол ямар хэрэгтэй гэж?
Мөн зарим судалгаагаар гомдол нь хүний тархийг маш их гэмтээдэг болох нь тогтоогдож. Асуудал шийдвэрлэх, танин мэдэхүйн үйл ажиллагаанд ашиглагддаг тархины хэсэг болох гиппокамп дахь мэдрэлийн эсүүдийн ажиллагааг эрс сулруулдаг байна. Ингэснээр эрүүлээр сэтгэн бодох чадвар алдагдаж аливаа юмнаас сөрөг зүйлийг олж харах, юунаас гомдож болох, юунд уурлаж болох бүхий л стрестэж байж болох магадлалыг өөрийн эрхгүй хайх зуршил суучихдаг байна.
Шинэ зүйл сурч чадахаа байх, ажил амьдралын чанар муудах, аз жаргал мэдрэхээ болих зэрэг сөрөг шинж тэмдэг илэрч эцэстээ энэ нь эдгэшгүй хорт хавдар адил сэтгэлийн хавдар болдог. Хамгийн аймшигтай нь энэхүү хавдрыг хүн өөрөө сайн дураараа бүтээдэг. Ихэнхдээ мэдээгүйгээс болж. Өөртөө хайртай л бол та сөрөг бодол гомдлыг хэзээ ч битгий удаан тээ. Өөрийнхөө сайн сайхны төлөө уучилж сурах хэрэгтэй юм. Ингэх нь таны эрүүл мэнд сэтгэл зүй амьдралын чанарыг нэмэгдүүлнэ.
Эцсийн асуулт? Хэрэв танай гэрт таны ойр дотны хүн хүнд өвчтэй хорт хавдартай бол танд хэрхэн тусах вэ? Мэдээж яг л үүнтэй адил та гомдомтгой уурламтгай сэтгэлийн архаг хорт хавдартай бол ойр тойрны хүмүүстээ маш төвөгтэй нөхцөл байдал үүсгэдэг юм шүү.
Та өөрийгөө бага багаар өвчинд нэрвэгдүүлж хорлохыг л хүсч байвал гомдлыг удаан тээгээрэй!
0 Comments