Эрэгтэй хүн бүсгүй танд чин сэтгэлээсээ татагдаж байгааг хэрхэн мэдэх вэ?

 

Зөвхөн ганц шөнийг хүсэмжилж байгаа залуу болон чин сэтгэлээсээ бүсгүй таныг сонирхож байгаа залуусын хандлага тэнгэр газар шиг ялгаатай боловч эмэгтэйчүүд маань тэр бүр үүнийг ялгадаггүй нь харамсалтай. 😎

Тэгвэл эрэгтэй хүн бүсгүй танд чин сэтгэлээсээ талтай байгааг илтгэх 10 нууцыг задалъя. 

1. Таны нүд рүү хичээнгүйлэн ширтэх. Ач холбогдол өгөөгүй зүйлээ эрэгтэй хүн тийм ч удаан хардаггүй. Нэг бол аюулын өмнө нөгөө бол таалагдсан хүнийхээ нүд рүү л маш удаан хардаг. Гэхдээ зүгээр гөлрөх биш шүү. Таныг ойлгох мэт хүндэтгэн харах харц. Мөн таныг удаан харж байснаа тантай харц тулгарах үед бага зэрэг сандарсан мэт харцаа бууруулах. Энэ нь тухайн эр өөрийгөө хэт сонирхоод байгаа гэдгээ мэдэгдүүлчих вий гэсэн бяцхан зөв айдас байж болно. 

Харин зөвхөн ганц шөнийг хүсэмжилж буй залуу нүд рүү харах харцанд нэг их ач холбогдол өгөхгүй. Мөн тэдэнд танд эвгүй сэтгэгдэл төрүүлчих вий гэсэн айдас бараг л байхгүй. Тийм сэтгэл ч гарахгүй. Магадгүй жүжиглэж болох ч хүний сэтгэлийн харцыг яагаад ч дуурайх боломжгүй шүү дээ. Хамгийн шилдэг зөвлөгөө бол нүдээр нь шинж.

2. Тэр тань руу бага зэрэг бөхийж ойртож ярьж байвал. Нурууны өндрөөс үл хамааран эрэгтэй хүн тань руу бөхийж ярилцаж байвал танаас юу ч сонсоход бэлэн бөгөөд хүлцэж хүндэтгэл үзүүлж байна гэж ойлгож болно. Тэр тантай алхаж байхдаа аль болох зайгаа ойр байлгах, гартаа барьсан зүйлийг чинь барьж өгөх зэрэг нь танд талтай байх магадлал маш өндөр. Гэхдээ хүн бүртээ яг ийм хандлагаар харьцдаг эсэхийг нь ажиглаарай. 

Мэдээж хүн бүрд энэ хандлагаа гаргадаг бол тэр соёлтой сайн залуу хэдий ч зөвхөн танд талтай эсэхийг дээрх шинжээр мэдэх боломжгүй болж байгаа юм. Бас нэг санах зүйл нь хэт эсрэгээрээ буюу тантай дээд зэргийн соёлтой харьцах хэр нь бусадтай маш бүдүүлэг харьцдаг бол тэр зүгээр л таныг түрдээ өөрийн болгох жүжиглэлт байж болно шүү.

3. Түүний биеийн хэлэмж таныг дуурайж байвал. Жишээ нь та үсээ оролдох үед тэр шилэн хүзүүгээ илэх. Та цайгаа ууж эхлэх үед тэр ч бас дагаж уух. Таныг инээмсэглэх үед ч шалтгаангүй ч инээмсэглэх /учир нь таны инээмсэглэл түүнд таалагдаж байгаа/, тантай санал нэгдэн зарим үгийг чинь давтан хэлэх г.мэт. Энэ бол хүний мэдрэлийн толин эс идэвхжиж, дурлах үйл явц эхэлж буй хүний далд ухамсраас гардаг үйлдэл юм. 

Харин ганц шөнийг хүсэмжилсэн залуу таны хөдөлгөөнийг дуурайх гэхээсээ илүү танаас давж гарж ярих, өөрийгөө хэрхэн илүү лаг залуу вэ гэж харуулахдаа л анхаарна. 

4. Тэд боломжийг ашиглаж маш соёлтойгоор биед хүрдэг. Жишээ нь гараас гарт юм дамжуулж өгөх, халтиргаатай газар түших, маш зөөлнөөр биед хүрч дуудах зэргээр. Ямартай ч танд эвгүй сэтгэгдэл төрүүлэхүйц бусаар хүрэлцэж мэдэрч байвал тэр чин сэтгэлээсээ танд талтай байх магадлалтай. Сэтгэлтэй хүндээ хүрэх нь аз жаргалын дааврыг ихээр ялгаруулахаас гадна хүмүүс өөр хоорондоо бие биедээ хүрэх цочроо гардаг. 

5. Тантай цуг байхыг эрмэлзэх. Та түүнийг үл тоомсорлож байсан ч тэр таны хажууд байх шалтгааныг гаргах, аль болох ойр байх гэж оролдох нь танд чин сэтгэлээсээ талтай байгааг илтгэх томоохон магадлал юм. Гэхдээ хоёулхнаа байх орчин бүрдсэн байсан ч та л сэдэл өгөхгүй бол тэр тантай бэлгийн харьцаанд орохыг урьтал болгохгүй. Энэ нь тэр залуу хүсээгүйдээ биш маш их хүндлэл оршиж байгаагийн нэг илрэл. 

6. Тэр таны ярьсныг санаж байдаг. Нэг их яриа өдөж харилцаа үүсгээгүй ч аль хэдэн жилийн өмнө хэлсэн үгийг чинь ч хүртэл тод санаж, танд түүнийг сануулж ярилцаж байвал та түүний хувьд чухал хүн байх өндөр магадлалтай. Мэдээж үүнд муу муухай үг хамаарахгүй. Харин өөрийн эго эсвэл дур хүслийн үндсэн дээр харьцаж буй залуу яриаг тань зүгээр л сонссон болж жүжиглэдэг учир хэлсэн үгийг чинь дорхноо мартаж, дурсамжаа тэр бүр хадгалдаггүй. 

7. Тэр таны эргэн тойронд баяр баясалтайгаар сандарч байвал. Тэр танд сайхан сэтгэгдэл төрүүлэхийг чин сэтгэлээсээ хичээдэг тул яагаад ч юм хэвийн байгаа байдлаа харуулчихвал онцгүй сэтгэгдэл төрүүлэх вий гэсэн бяцхан сандрал тээсээр байдаг. Тэгэхээр таны дэргэд тэр залуу баясгалантай хэр нь багахан сандарч байвал танд сайн байх өндөр магадлалтай. 

8. Тэр танд туслахад хэзээд бэлэн байдаг. Угийн тусч хүн байж болох ч танд туслахдаа хэзээ ч түүртэхгүй тэгээд аз жаргалтай харагдаж байвал тэр яах аргагүй танд чин сэтгэлээсээ сайн байх боломжтой. Учир нь ямар ч эр хүн өөрийн таалсан эмэгтэйгийнхээ өмнө баатар шиг байх дуртай. 

9. Таныг ихэнхдээ урамшуулдаг. Тэр тийм ч панаал ихтэй гоё үг хэлж чадахгүй ч таны яг үнэнд нийцэх урмын эерэг үгийг хэлж чаддаг. Энэ нь танаас оноо авахдаа биш харин байгаагаар чинь хүлээн зөвшөөрч үнэлж хүндэлж байна гэсэн үг. Үнэн сэтгэлд хэт уран үг найруулах шаардлага байхгүй ба аль болох хөрсөндөө буух амьдралд ойр үгийг хэлэх нь элбэг. Гэвч зарим эмэгтэйчүүд хэт гоё сайхан үг сонсох хүсэлдээ автаж зүгээр л ашиг сонирхлын үндсэн дээр харьцаж буй шүлэг цээжилсэн залууст хууртах тохиолдол байдаг нь харамсалтай.

10. Таны төлөө тодорхой хэмжээнд эерэг өөрчлөлт гарч байвал. Энэ тал дээр бяцхан ажиглалт хийчихэд гэмгүй. Зөвхөн танаас улбаалж өөртөө нэг их анхаардаггүй байсан хүн анхаарч эхлэх, ажил амьдралдаа илүү идэвхтэй болох, муу зуршлаа багасгах зэрэг эерэг хандлага гаргаж байвал танд дурласан байх магадлал маш өндөр шүү. Эр хүний дурласан сэтгэлээс маш их хүч гардаг. 

Эцэст нь мэдээж хүн хүний онцлогоос хамаарч сэтгэлээ илэрхийлэх шинж нь бага сага өөр байдаг. Гэсэн хэдий ч дээрх шинжүүд нь маш өндөр магадлалтай ба үлдсэн жаахан хувийг та өөрийн зөн мэдрэмжээрээ батлах нь зөв болов уу? Дараагийн удаад бүсгүй таныг хүндэлдэггүй залуугийн шинжүүдээс дэлгэрүүлж бичих болно.

Мэргэжлийн сэтгэл зүйчид хандах боломжтой: 🤙 86092012


0 Comments